Юнити Зорилтот Орлогын Сан I
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан манай эхний хувийн хаалттай хөрөнгө оруулалтын сан болох “Юнити зорилтот орлогын сан нэг ХОС ХХК” үйл ажиллагаагаа 2021 оны 7-р сарын 26 өдрөөс эхлүүллээ.
Сангийн үйл ажиллагааг 2023 оны 9-р сарын 20 хүртэл явуулахаар төлөвлөж байна.
Сангийн хөрөнгө оруулалтын зорилго нь “зорилтот өгөөжийн түвшинд тогтмол орлого олохын зэрэгцээ хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг хадгалахад” оршино. Зорилтот өгөөж нь хэт өндөр эрсдэл үүрэхгүйгээр активийн хэмжээгээр нь эрэмбэлсэн хамгийн том, системийн нөлөө бүхий 4 банкны хадгаламжийн хүүний жилийн дундажаас хамгийн багадаа1.5 хувь болон түүнээс өндөр байхаар хөрөнгийн идэвхтэй удирдлагыг хэрэгжүүлнэ.
Сангийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх компаниудад дунд болон том хэмжээний тогтвортой үйл ажиллагаатай, менежментийн компаниас тогтоосон шаардлагад нийцсэн, үйл ажиллагааны орчин нь тогтвортой байх гэсэн үндсэн шалгууруудыг тавина. Боломжтой тохиолдолд хөрөнгө оруулах санхүүжилтийн хэрэгслийн нөхцөл, бүтцийг тухайн компаний эрсдлийн хүчин зүйлтэй уялдуулан менежментийн компани тогтооход оролцоно.
2021 оны 3-р улирлын байдлаар сангийн эхний ээлжийн захиалгын хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгийг нийт 3 компаний хаалттай өрийн бичигт 16.7 хувийн жигнэсэн дундаж хүү, 8.2 сарын жигнэсэн дундаж хугацаатайгаар байршуулаад байна.
Хөрөнгө оруулалтын зорилго ба Шалгуур
Сангийн хөрөнгө оруулалтын зорилго нь “Жишиг хүүнээс давсан зорилтот хүү олохын зэрэгцээ хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг хадгалах”-д оршино.
Сангийн хөрөнгө оруулалтуудыг сонгохдоо бусад шалгууруудаас гадна доорх үндсэн шалгууруудыг тавина:
-
Хөрөнгө оруулах хугацаа болон түүнээс цааш 12 хүртэлх хугацаанд тухайн салбарт нөлөөлөх мөнгөний болон төсвийн бодлого, гадаад орчны нөлөө, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд, тэдгээрийн хандлагыг тодорхойлно;
-
Хөрөнгө оруулах компани бүрийн хувьд өмнөх хугацааны гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, зах зээлд эзлэх байр суурь болон өрсөлдөх чадвар, мөнгөн урсгалын хүрэлцээ, хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулахад нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ.
Жишиг Өгөөж болон Зорилтот Өгөөж
Сангийн “Жишиг хүү” нь системийн 3 том банкны 12 сарын хугацаатай хадгаламжийн хүүний дундажтэй тэнцүү байна. Сан “Зорилтот хүү” г тогтоохдоо жишиг хүүнээс илүү байхаар тогтооно.
Сангийн “Зорилтот хүү” нь жишиг хүүнээс хамгийн багадаа жилийн 1.5 хувиар илүү байна.
Сангийн үйл ажиллагаа албан ёсоор дууссаны дараа зорилтот хүүнээс давсан өгөөжийн сангийн удирдагч болон сангийн хөрөнгө оруулагчдын хооронд 35/65 гэсэн харьцаагаар хуваарилна.
Кастодиан Банк
Хаан банкны кастодиан үйлчилгээний газар нь тус санд хөрөнгө хадгалах гэрээний дагуу Кастодиан банкны үйлчилгээ г үзүүлж байна.
